Бидний тухай
2022-09-12

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн (НСИСОУХ) нь ЮНЕСКО-ийн 2-р зэрэглэлийн институт бөгөөд 1998 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал асан Ноён Федерико Майорын (1987-1999) дэмжлэгтэйгээр, Индонез, Казахстан, Киргиз, Монгол, Турк Улсуудын Засгийн газар хооронд үзэглэсэн олон талт гэрээгээр байгуулагдсан юм.

Тус хүрээлэнг үүсгэн байгуулах санааг ЮНЕСКО-ийн “Торгоны зам” төслийн хүрээнд 1992 онд Монгол Улсад зохион байгуулагдсан “Нүүдэлчдийн экспедиц”-д оролцсон олон улсын эрдэм шинжилгээний баг дэвшүүлж, 1993 онд болсон ЮНЕСКО-ийн 27 дугаар Ерөнхий бага хурлаас гарсан 27/C3.12 тоот шийдвэрээр хүрээлэн байгуулахыг дэмжсэн байна.

Хүрээлэнг үүсгэн байгуулагчид нь дэлхийн түүхэнд нүүдэлчдийн оруулсан соёл, иргэншлийн үнэт зүйлсийг судлан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх төдийгүй, нүүдлийн соёл иргэншил бүхий дэлхийн улс орнуудыг хамарсан онол, практикийн ач холбогдолтой салбар дамнасан судалгааны сүлжээг бий болгох, улмаар Монгол Улсын олон улс дахь нэр хүнд, байр суурийг өсгөхөд ихээхэн хувь нэмэр оруулах зорилго, чиглэл тавьсан юм.

Хүрээлэнгийн Нарийн бичгийн дарга нарын газар нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрладаг бөгөөд одоогоор 3 салбар нэгж, 10 ажилтантай. Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн даргаар Профессор Жак Легран (Франц) 1998 оноос хойш, Захирлаар И.Бямбабаатар 2021 оноос хойш тус тус ажиллаж байна.